Израилийн телевизийн нэвтрүүлэгч бүсгүй бүсэндээ гар буутайгаар нэвтрүүлэг хөтлөв
Анд нөхдийн мэдээ
2024-01-05
Израилийн “14 дүгээр суваг” телевизийн нэвтрүүлэгч бүсгүй Ритал Шемеш студид шууд нэвтрүүлэг хөтлөх үеэрээ бүсэндээ буу зүүсэн байсан тухай “New York Post” сонин мэдээлэв. Изриаль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш тус улсад энгийн иргэд буу эзэмших нь ердийн үзэгдэл болжээ. Тус улсын "Моссад" тагнуулын агентлаг энэхүү зургийг X (Twitter)-т нийтлэхдээ "Үүнийг бид зөвшөөрч байна. Бусдад үлгэр дуурайлал болог” гэжээ. Нэвтрүүлэгч бүсгүй Израилийн армийн бэлтгэл цэрэг ажээ. Түүний буудлагын талбай дээр буудах дасгал хийж буй зураг, мөн дайны фронтоос сурвалжлага хийж буй цэргийн дүрэмт хувцастай зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бөгөөд тэрбээр “Fox News”-т өгсөн ярилцлагадаа "Бид бүх улсаараа, хүн нэг бүр терроризмтэй, ХАМАС-тай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна” гэсэн байна. Израиль улс өмнө нь галт зэвсэг эзэмших маш хатуу хуультай байжээ. Буу зэвсгийн лицензийг зөвхөн аюулгүй байдлын хэрэгцээтэй гэдгээ нотолсон хүмүүст олгодог, зөвшөөрөл авахад хэдэн сар зарцуулдаг байсан аж. Харин ХАМАС-ын халдлагын дараа цахимаар өргөдлийн маягт бөглөөд хэдхэн хоногийн дотор зөвшөөрөл авах боломжтой болжээ. ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа буу зэвсгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн тоо 150 мянгад хүрсэн бол өнгөрсөн оны мөн үед ердөө 42 хүн зэвсэг эзэмших хүсэлт гаргасан байв. Түүгээр ч үл барам ерөнхий сайд Беньяамин Нетаньяху “Энгийн иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэг эзэмшихэд Засгийн газар тусална” гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.