images

Монголын археологич Францын Засгийн газрын одон хүртэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-09


   МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат Францын Засгийн газраас олгодог “Ordre des Palmes académiques” буюу “Эрдмийн далдуу мод” одонг хүртлээ. Францын боловсрол, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдэд, мөн Францын соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог энэ шагналыг анх эзэн хаан I Наполеоны санаачлагаар 1808 оноос олгосон бөгөөд 1955 онд ерөнхийлөгч Ренэ Котийн шийдвэрээр Commandeur, Officier, Chevalier гурван зэрэгтэй болгожээ. Үүний хоёрдугаар зэргийн одонг Ц.Төрбатад хүртээснийг Франц улсаас Монгол улсад суух Элчин сайд Себастьен Сүрүн гардуулсан байна. Ц.Төрбат 1994 оноос хойш Монгол, Францын хамтарсан археологийн төслүүдэд тасралтгүй, 2004 оноос хойш хамтарсан төслүүдийн Монголын талын удирдагчаар ажилласан юм. Мөн франц хэлээр хэвлэгдсэн нэг сэдэвт гурван бүтээлийн редактор ба зохиогчоор ажилласны дээр Францын судлаачидтай хамтран олон өгүүлэл бичжээ. Түүний удирдсан төслүүд археологийн хэд хэдэн дурсгал буюу соёлыг нээсний зэрэгцээ олон зуун олдворыг сэргээн засварлаж Монголын талд хүлээлгэн өгсөн байна.

   Францын Засгийн газар “Эрдмийн далдуу мод” одонг Монголоос анх 2013 онд МУИС-ийн франц хэлний ахмад багш Г.Буяннэмэхэд хүртээсэн түүхтэй. Өнгөрөгч 2023 онд МУИС-ийн франц хэлний багш Б.Алтангүл, С.Дорждэрэм, С.Булгантамир, Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн франц хэлний багш М.Энхтуяа нар энэ одонг хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.