images

83 настай Х.Мияазаки долоон жил хийсэн киногоороо “Алтан бөмбөрцөг” хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-10


   Японы хүүхэлдэйн киноны домог Хаяао Мияазаки анх удаа "Алтан бөмбөрцөг" буюу “Golden Globe” наадмын Шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг “The Boy and the Heron” киногоороо хүртлээ. Тэрбээр өдгөө 83 настай бөгөөд 81 дэх удаагийн "Golden Globe" шагнал гардуулах ёслолоос анхны англи хэл дээрх бус киногоор шагнал авсан нь энэ болов. Дэлхийн II дайны нүүлгэн шилжүүлэлтийн үеэр төрсөн эхээсээ хагацсан 12 настай хүүгийн тухай өгүүлэх эл киноны зохиолыг тэр өөрөө бичиж, өөрөө найруулсан юм. Мөн өөрийнхөө бага насны амьдралаас санаа аван зохиолоо бичжээ. Х.Мияазаки АНУ-ын Лос-Анжелест болсон шагнал гардуулах ёслолд биечлэн оролцож чадаагүй тул “Studio Ghibli” компанийг түүнтэй хамт үүсгэн байгуулсан Тошио Сүзүки шагналыг нь гардан авлаа. Тэрбээр “Мияазаки энэ киног хийхэд долоон жил зарцуулсан. “The Boy and the Heron” түүний сүүлийн кино байж ч болно" гэсэн юм. Тус кино долоодугаар сард Японд нээлтээ хийснээс хойш олон улсын зах зээлээс 137 сая долларын орлого олжээ. Тухайлбал, өнгөрөгч 12 дугаар сард Хойд Америкийн кино театруудаар гаруутаа ашиг орлогоороо тэргүүлсэн байна. Найруулагч Х.Мияазаки 2003 онд “Spirited Away” киногоороо “Оскар”-ын шагнал хүртсэн бол “Howl’s Moving Castle”, “Princess Mononoke” хүүхэлдэйн кино нь "Оскар"-т нэр дэвшиж байсан юм. Түүний хамгийн алдартай хүүхэлдэйн кино нь “My Neighbor Totoro” билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.