АНУ-ын компани Хятадын автомашин үйлдвэрлэгчидтэй хамтарна
Анд нөхдийн мэдээ
2024-01-11
АНУ-ын чип үйлдвэрлэгч “Nvidia” компани Хятадын цахилгаан машины дөрвөн брэндтэй хамтран ажиллахаар болсноо өчигдөр зарлалаа. Энэ нь Хятадад чип нийлүүлэхэд Засгийн газрынхаа тавьсан хоригийг үл харгалзан цахилгаан автомашины ухаалаг жолоодлогын системд шаардлагатай технологийг экспортлохоор болсныг илтгэж байна. Учир нь, Хятадын цахилгаан автомашинууд тус компанийн технологийн бизнесийн гол зах зээл мөн билээ. Хятадын автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ илүү дэвшилтэт дэлгэц, автомат жолоодлогын функцуудыг суулгахаар уралдаж байгаа тул энэ нь АНУ-ын “Nvidia”, “Intel”, “Qualcomm” зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдэд ашигтай гэдгийг CGTN телевиз онцолсон байна. Мөн “Nvidia” компани өнгөрөгч даваа гарагт хиймэл оюун ухааны давуу талыг ашиглан шинэ график процессор бүхий дэлгэц танилцуулснаар хувьцааны үнэ нь огцом өсөж түүхэн дээд цэгтээ хүрчээ. Тодруулбал, хувьцаа нь 6.4 хувиар нэмэгдэж хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа 522.53 доллар болсон байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд доллар болсноос гадна даваа гарагт 32 тэрбум долларын үнэ бүхий хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжсанаар тэр өдөр хамгийн их арилжаалагдсан хувьцаа болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.