images

Францын тамирчин хориотой үзүүлбэр үзүүлж оноо хасуулсан ч тэмцээндээ түрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-15


   Францын уран гулгагч, 22 настай Адам Шяо Хим Фа 2024 оны Олон улсын уран гулгалтын холбооны (ISU) Европын аварга шалгаруулах тэмцээнд маш сайн үзүүлбэр үзүүлжээ. Гэвч энэ үзүүлбэр нь уран гулгалтад хориотой байдаг бөгөөд амжилттай үзүүлсэн байсан ч оноо хасагддаг аж. Тэрбээр Литвийн Каунас хотод болсон тэмцээнд ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрээр техникийн 97.03 оноо, уран сайхны 88.01 оноо авч, хориотой үзүүлбэр үзүүлсний 3 оноо хасагдсанаар нийт оноо нь 182.04 болжээ. Уран гулгалтын төрөлд энэ үзүүлбэр нь зөвхөн хориотой техник төдийгүй эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болдог байна. 1994 оны ДАШТ-д Францын хар арьст тамирчин Сурья Бонали өндөр техник, сайн үзүүлбэр үзүүлсэн ч шүүгчдийн үзэмжид таараагүйн улмаас шударгаар дүгнүүлж чадаагүй явдал гарч байсан түүхтэй. Тэрбээр дараа нь 1998 онд Японы Нагано хотод болсон Өвлийн Олимпын наадамд энэхүү хориотой техникийг хэрэглэжээ. Улмаар тэрбээр шүүгчдэд хандан “Агаарт эргэж хөл дээрээ буух үзүүлбэрийг хориглох биш харин арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хориглох ёстой” хэмээн хэлж байжээ. Энэ удаагийн тэмцээнд энэхүү өвөрмөц үзүүлбэрийг үзүүлсэн А.Шяо Хим Фа тэмцээний дараа Олон улсын тэшүүрийн холбоонд өгсөн ярилцлагадаа “Би энэ үзүүлбэрийг үзүүлбэл оноо хасагдана гэдгийг мэдэж байсан. Гэвч уран гулгалтын спортыг илүү хөгжүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн” гээд үүнийгээ "Франц стиль" гэжээ. Гэхдээ тэрбээр оноо хасуулсан ч хоёрдугаар байр эзэлсэн тамирчнаас 19.18 онооны зөрүүтэй илт давуугаар тэмцээний аварга болж чадсан байна. Тэрбээр өнгөрсөн жилийн Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлсэн билээ.

Хориотой үзүүлбэр үзүүлж буй нь

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.