images

Өөрийнхөө үсээр найз бүсгүйдээ хиймэл үс хийж өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-15


   АНУ-ын Мичиган мужийн Уотерфорд хотод амьдардаг 31 настай Коди Эннис болон түүний найз бүсгүй Ханна Хоскинг нарын ер бусын сайхан хайрын тухай “New York Post” сонин нийтэлжээ. Одоо контент бүтээгчээр ажилладаг Ханна бүсгүй долоон настайгаасаа эхлэн үс нь унаж халзарч эхэлсэн байна. Улмаар унаагүй хэсгийнхээ үсийг ургуулж халзарсан хэсгээ халхалж явсан ч 2018 оноос хойш байдал улам дордож, хөмсөг, сормуус нь хүртэл унаж эхлэв. Тиймээс үсээ бүрэн хусч, хиймэл үс зүүх болсон байна. 2019 онд тэрбээр Коди Эннистэй танилцан үерхэж эхэлжээ. Тэд үерхээд зургаан сар орчим болж байхад Коди хайртай бүсгүйгээсээ хэр урт үстэй болмоор байгааг асуугаад, түүний хүссэн хэмжээний урт үстэй болгож өгнө гэж амлажээ. Улмаар Коди 2020 оны тавдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл 3 жил 6 сарын хугацаанд үсээ ургуулсан байна. Ингэхдээ үсээ сайтар арчилж, хамгийн сайн гэсэн шампунь, тэжээлийн тос хэрэглэдэг байсан аж. Ингээд хангалттай урт ургасан үсээ тайрч хиймэл үс хийдэг газар аваачин өөрийнхөө жинхэнэ үсээр хайртай бүсгүйдээ хиймэл үс хийлгэх захиалга өгчээ. Түүний хүсэл биеллээ олж энэ сарын 6-ны өдөр өөрийн үсээр хийлгэсэн хиймэл үсээ Ханнадаа бэлэглэсэн байна. Энэ бэлгийг хүлээж авсан Ханна "Гурван жил гаруй бэлдэж надад зориулсан бэлгийг хүлээн авахдаа үнэхээр сэтгэл догдолсон. Тэр надад чин сэтгэлээсээ хайртай гэдгийг мэдэрлээ" гээд тэрхүү хиймэл үсээ хуримандаа зүүхээр шийдсэн тухайгаа хэлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.