Франц улс Украинд цэргийн нэмэлт дэмжлэг үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-01-17
Украин улсад АНУ болон Европын холбооноос үзүүлэх дэмжлэг удааширч байгаа энэ үед Их Британийн араас Франц улс цэргийн нэмэлт дэмжлэг үзүүлэхээр болов. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ он гарснаас хойшх анхны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид Украины агаарын орон зайг хамгаалахад туслахын тулд илүү их техник хэрэгсэл илгээх болно" гэжээ. Улмаар тус улс Украинд алсын тусгалтай 40 орчим SCALP пуужин, мөн их буу, олон зуун бөмбөг илгээхээр болсон байна. Э.Макрон мөн ирэх хоёрдугаар сард Украинд очиж хоёр талын аюулгүй байдлын гэрээ байгуулан цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээ мэдэгдлээ. Хоёр талын аюулгүй байдлын гэрээ гэдэг нь Их Британи, Украины хооронд өмнө нь байгуулсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээтэй төстэй гэрээ байх боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн 12-ны өдөр Украинд айлчилж, Владимир Зеленскийтэй уулзан аюулгүй байдлын урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн Украинд 2.5 тэрбум паундын цэргийн дэмжлэг үзүүлэхээ амласан билээ. Европын холбоо өнгөрсөн сард Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтаар Украинд нийт 50 тэрбум еврогийн урт хугацааны дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг батлахаар хэлэлцсэн ч Оросыг дэмжигч Унгар улс хэлэлцээрийг эсэргүүцсэнээр уг асуудал хойшилсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.