images

АНУ-д зайнаас машин жолоодох үйлчилгээ нэвтрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   Дуудлага өгөхөд захиалсан автомашиныг нь зайнаас жолоодон дуудсан газарт нь хүргэж өгдөг үйлчилгээг АНУ-д анх удаа нэвтрүүллээ. Германы “Vay” гарааны компани өчигдөр тус улсын Невада мужийн Лас Вегас хотод энэхүү үйлчилгээг эхлүүлсэн байна. Тус компани “teledriving" технологийг ашиглан үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг бүрэн хангасан болохоо мэдэгджээ. Товчхондоо бол хэрэглэгч апликэйшн ашиглан машин захиалахад үйлчилгээний төвөөс мэргэжлийн теле жолооч машиныг зайнаас жолоодон хүргэж өгнө. Улмаар хэрэглэгч машинаа хүлээн авч өөрөө жолоодон хүссэн газраа хүрч ажил төрлөө амжуулаад төвд мэдэгдэнэ. Ингэхэд уг машиныг теле жолооч мөн зайнаас жолоодон өөр хэрэглэгчид хүргэх юм уу, төвд буцаан авчирна. Мэргэжлийн теле жолооч нар төв дээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжийг удирдан машиныг зайнаас жолоодох ажээ. Үйлчилгээний төлбөрийг минут тутамд 0.3 доллароор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл 30 минут үйлчлүүлэхэд 9 доллар болох бөгөөд энэ нь тус улсад идэвхтэй хэрэглэгдэж буй “Uber” үйлчилгээтэй харьцуулахад илүү хямд үнэ ажээ. CNBC телевизийн мэдээлснээр “Vay” компани Шведийн хөрөнгө оруулалтын “Kinevik” компани, АНУ-ын “Coatue” сан, Францын “Euragio” сан зэргээс нийтдээ 110 сая долларын санхүүжилт авсан байна. Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Томас фон дер Охэ CNBC-д өгсөн ярилцлагадаа, шинэ үйлчилгээгээ жолоочгүй такси зэрэг бусад ижил төстэй үйлчилгээнээс илүү үр дүнтэйг онцолжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.