Питер Морроугийн нэрэмжит урлагийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Чихэнд чимэгтэй
2024-01-30
Олон улсын банкир Жэймс Питер Морроу анх 2000 онд төрийн өмчийн банкийг хувьчлах богино хугацааны томилолтоор АНУ-аас Улаанбаатарт ирсэн түүхтэй. Гэвч тэрбээр манай улсад нэг мөсөн төвхнөж, "Хаан" банк болоод Монголын томоохон санхүү, бизнесийн байгууллага, зөвлөлийг удирдах ажилд хувь нэмрээ оруулан 2016 оны наймдугаар сарыг хүртэл Монголд амьдарсан юм. Мөн П.Морроу нь манай улсад байх хугацаандаа Монголын Урлагийн зөвлөлийн дэд тэргүүнээр ажиллаж байжээ. Тиймээс түүний нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдааныг Монголын Урлагийн зөвлөл долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уран бүтээлчид тус уралдаанд өөрийн туурвих гэж буй шинэ бүтээлийн саналаа ирүүлж оролцох бөгөөд түүнийг нь олон нийтэд нээлттэй танилцуулах ажээ. Тавигдах шаардлагын тухайд, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх юм. Уралдааны материалыг гуравдугаар сарын 25-ны дотор [email protected] хаягаар хүлээн авах бөгөөд ирүүлсэн танилцуулгад үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулах юм байна. “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлгийг олгодогоороо онцлог. Мөн урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг хүмүүст нээлттэй билээ. Тухайлбал, дүрслэх урлагын буюу уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайны чиглэлээр, тайз, дэлгэцийн буюу хөгжим, бүжиг, жүжиг, кино, циркийн чиглэлээр, утга зохиол, яруу найргийн чиглэлээр бүтээл туурвигчид үүнд багтах юм.
П.Морроу нь Хаан банкыг хувьчлахаас өмнө удирдаж байсан Америкийн банкир, санхүүгийн зөвлөх бөгөөд 68 насандаа таалал төгссөн юм. Тэрээр 2000-2010 онд Хаан банкны гүйцэтгэх захиралаар ажиллахдаа хуучнаар Хөдөө Аж Ахуйн банкны бүтцийн өөрчлөлт, хувьчлалын төслийг удирдаж байжээ. Хаан банк нь 2003 онд хувьчлагдсанаар Монгол улсын хамгийн том арилжааны банк болж байв. Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн түүний улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд Алтан гадас одон хүртээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.