images

Иракийн сэтгүүлчдийг тэмцээн сурвалжлахыг хориглолоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-01


   2023 оны Азийн цомын тэмцээнд шөвгийн тоглолтод хожигдсоныхоо дараа шигшээ багийн дасгалжуулагчаа заналхийлсэн Иракийн сэтгүүлчдийг тэмцээний үлдсэн хэсэг болон цаашид болох AFC-ийн бүх тэмцээнийг сурвалжлахыг хориглолоо. Энэ талаар Азийн Хөлбөмбөгийн холбоо (AFC) мэдэгдэхдээ "Ирак, Иорданы тоглолтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр болсон явдалд бид маш их урам хугарч байна" гэсэн байна. Катарын Аль Райян хотын “Халифа” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Иракийн баг 2:3 харьцаагаар хожигдсон юм. Тоглолт эхлээд удалгүй анхны гоол оруулж хөөрсөн Иракийн довтлогч Аймен Хуссейн үүний дараа удаа дараа алдаа гаргаж сануулга авсаар талбайгаас хөөгджээ. Ингэснээр оноогоор илүү байсан Иракийн баг хоёр гоол дараалан алдаж хожигдсон байна. Тоглолтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Иракийн сэтгүүлчид багийнхаа испани дасгалжуулагч Хесүс Касас руу хашгирч заналхийлэх, гар хуруугаараа чичлэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан тул тэдний заримыг хамгаалалтын албаныхан хурлын танхимаас хүчээр гаргажээ. Иракийн сэтгүүлчдийг тэмцээнийг сурвалжлахыг хориглосон шийдвэрийн талаар AFC "Дүрэм зөрчсөн түрэмгий үйлдлийг бид эрс буруушааж байна. Бид ийм зан авирыг тэвчихгүй" гэж мэдэгдсэн бол Иракийн Хөлбөмбөгийн холбоо “Дасгалжуулагч руу хандсан жигшүүрт авирыг бид авч хэлэлцэнэ” гэсэн байна. Мөн үүнээс гадна А.Хуссейнд шар хуудас өгч талбайгаас хөөсөн Австралийн шүүгч Алиреза Пагани тоглолтын дараа цахим заналхийлэлд өртжээ. Олон нийтийн сүлжээгээр түүнийг заналхийлсэн олон мянган сэтгэгдэл хөвөрч, түүний хувийн мэдээллийг дэлгэсний зэрэгцээ шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлэх олон зуун хүсэлт FIFA-д ирсэн байна. Хариуд нь AFC "Шүүгчид болон тамирчдыг заналхийлж, хувийн мэдээллийг нь задруулж байгааг бид эрс буруушааж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.