images

88 настай компьютер тоглоомчин Гиннесийн номд оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-01


   88 настайдаа компьютер тоглоом тоглож, видео контент бүтээж буй Хятадын иргэн Ян Бинглин "Дэлхийн хамгийн өндөр настай компьютер тоглоомчин"-оор шалгарч Гиннесийн амжилтын гэрчилгээ авав. Сычуань мужийн иргэн Ян овогтыг цахим ертөнцөд “Ян өвөө” гэж нэрлэдэг ажээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнөөс цахим тоглоомын “Bilibili” платформоор дамжуулан тоглоом тоглож буй бичлэгээ хуваалцаж эхэлсэн байна. Түүний контент цахим ертөнцөд тархаж одоогоор 280 мянга гаруй дагагчтай болжээ. Газрын тос, байгалийн хийн өрөмдлөгийн судалгааны чиглэлээр ажилладаг байсан тэрбээр 1996 онд тэтгэвэрт гарснаасаа хойш цахим тоглоом тоглож эхэлсэн аж. Мөн орон даяар тоглоомын дэлгүүрүүдээр аялж, 500 гаруй тоглоомын дискний цуглуулгатай болжээ. Эхлээд энгийн тоглоом тоглодог байсан ч одоо “Call of Duty”, “Tomb Raider” гэх мэт залуучуудын сонирхдог тоглоомуудыг тоглож байна. Цахим ертөнцөд хэдийнэ танил болсон түүнд нэгэн дагагч нь хамгийн сүүлийн үеийн “Playstation 5" бэлэглэжээ. Гэсэн хэдий ч Ян өвөө залуу тоглогчдыг цахим тоглоомд хэт автахгүй байхыг зөвлөөд "Тоглоом тоглох, эрдэм ном сурах хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал" гэж захисан байна. Түүний ажил, амьдралын цагийн хуваарь нарийн дэгтэй бөгөөд өдөрт 3 цаг орчим л тоглоом тоглодог. Өглөөний 7:30 цагт ширээний теннис тоглож, дараа нь 9:30 цагаас хүнсний дэлгүүрээр явж хүнсээ авна. Улмаар 15 цагаас 18 цаг хүртэл тоглоом тоглоод 21:30-д унтдаг тогтмол хуваарьтай ажээ. Өнгөрсөн сарын 29-нд Гиннесийн албанаас дээд амжилтын гэрчилгээгээ гардаж авсан түүний бичлэг 510 мянга гаруй хандалт авсан бөгөөд Хятадын цахим хэрэглэгчид "Та мундаг байна", "Таны зөвлөснөөр тоглоомд хэт их автахгүй", "Өвөө, та урт наслаарай" гэх мэт сэтгэгдлүүд үлдээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.