images

Бяцхан фермерүүд жагсаал хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-02


   Францад хоёр долоо хоног үргэлжилж буй фермерүүдийн жагсаалд бага насны хүүхдүүд хүртэл нэгдсэн тухай тус улсын BFM телевиз мэдээлэв. Өчигдөр Страсбург хотын Клеберийн талбайд газар тариалан эрхлэгчдийн хүүхдүүд болох сургуулийн өмнөх насны 40 орчим хүүхэд мини трактор унан эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэдгээр хүүхдүүд “Тариаланчдаа аваръя”, “Бидний ирээдүйн төлөө” гэсэн үг хэллэг бүхий уриа лоозонг барин хотын төвөөр явжээ. Жагсаалд эцэг эхчүүд ч нэгдсэн байна. Энэхүү жагсаалыг тариаланчдын ирээдүй хойч үеийнхэнд тулгарч буй хямралыг сануулахын тулд нутгийн фермерүүдийн бүлгээс төлөвлөсөн байна. Залуу фермерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Люкс “Бидний хувьд одоо хөдөө аж ахуйн баазаа шинэчилж, ойрын хэдэн жилдээ тариаланчдыг аюулгүй байлгах нь чухал” гэж хэлээд “Хэрэв бид энэ байдлаараа үргэлжлүүлбэл нэг ч үйлдвэрлэгчгүй болж магадгүй юм” гэжээ. Францын фермерүүд энэ сарын 18-наас эхлэн орон даяар трактортай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, фермийн орлогыг баталгаатай болгохыг шаардаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.