Орост олзлогдоод эргэж ирсэн украин залуу хос удахгүй хуримаа хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-05
Илья Мужик хэмээх украин залуу 2019 онд Мариуполь хотын нэгэн боомтод хамгаалагчаар ажиллаж байхдаа найз бүсгүй Алина Панинатайгаа танилцаж дотносон, улмаар гэрлэхээр болжээ. Гэвч 2022 оны дөрөвдүгээр сард Орос улс Украинд халдан довтолсноор тэд гэрлэлтээ хойшлуулсан байна. Тэр үед Оросын арми Мариуполь хотыг маш хурдан бүслэн хааж, хормын зуур ширүүн тулааны талбар болгожээ. Олон залуусын нэгэн адил И.Мужик, А.Панина нар сайн дураараа цэрэгт элсэн, хамтдаа нэгэн үйлдвэрт хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр очжээ. Гэвч удалгүй найз бүсгүй нь өөр газарт алба хаахаар одсон байна. Найз бүсгүйгээ явснаа хойш хоёхон хоногийн дараа И.Мужик Оросын армид олзлогдож, хоригдол болжээ. Сарын дараа хайртай бүсгүй нь мөн оросуудад олзлогдсон байна. Үүнээс хойш тэд холбоо тасарч хэн нь хаана яваагаа мэдэхээ больсон аж. Азаар тэд эсэн мэнд гэр орондоо эргэж иржээ. А.Панина оросын нутагт таван сар орчим хоригдсоны дараа 2022 оны аравдугаар сард Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагааны хүрээнд суллагдсан бол И.Мужик түүнээс хойш хэдэн сарын дараа эх орондоо эргэж иржээ. Тэрбээр Орост хоригдож байхдаа хоол тэжээлийн дутагдлын улмаас маш их эцэж турсан бөгөөд гэртээ эргэж ирээд Панинаг мөн эсэн мэнд эргэж ирснийг сонсоод хязгааргүй их баярласнаа хэлсэн байна. "Бид бие биенээ тэвэрч суугаад ярилцахыг маш удаан хүлээсэн" гэж Панина ярьжээ. Тэд одоо Рокси нохойтойгоо гурвуул хамт амьдарч байгаа бөгөөд бие эрүүл мэнд нь дээрдсэн хойно хуримаа хийхээр хүлээж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.