images

Нүүдлийн эмнэлэг суурилуулсан автомашинуудыг хүлээж авав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-08


   Үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх зориулалтаар иж бүрэн тоноглосон нүүдлийн амбулатори бүхий дөрвөн автомашиныг өнөөдөр Эрүүл мэндийн яам хүлээж авлаа. 2021 оны тавдугаар сард батлагдсан Японы сангийн 5 сая ам.долларын санхүүжилтээр нүүдлийн амбулатори, эмнэлгийн бусад тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буйн нэг томоохон үр дүн энэ юм. Нүүдлийн эмнэлэг эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, ходоод, улаан хоолойн дуран, амны хөндий, чих, хамар хоолой, цусны шинжилгээ, эхо зэрэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, нэг автомашинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгч, дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх багаж, тоног төхөөрөмж суурилуулжээ. Тэгвэл бас нэг машиныг зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал, багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Машинууд мөн хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга, шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэтийн төхөөрөмжтэй.

   Автомашинуудыг захиалгаар нийлүүлсэн “Сүвэн уул” компанийн төслийн ахлах мэргэжилтэн У.Түвшин манай сурвалжлагчиийн асуултад хариулахдаа “Нүүдлийн эмнэлгүүд 2023 онд үйлдвэрлэгдсэн БНХАУ-ын "Hova" брэндийн машинд суурилсан. Нийт 12 метр урт, 4 метрийн өндөртэй, хоёр талдаа нэмэлт тасалгаатай. Уг тасалгааг сунгавал 64 см урт болно. Машинууд генератораар тоноглогдсон, халуун хүйтнээр үлээх сэнстэй, цэвэр, бохир усаа шийдсэн. Харин интернэтийн тухайд "Starlink" компанийн олон улсын багцыг авсан. Интернэтийн хураамжид сард 250 мянган төгрөг төлнө. Манай компани хоёр жил эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хариуцаад явна. Харин машины засвар, үйлчилгээг өөр холбогдох компаниуд хариуцах байх” гэж ярилаа. 

   Эдгээр машиныг алслагдсан нутгийн иргэдэд илүү хүртээмж бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, тэднийг аль болох олноор эрт илрүүлэгт хамруулахад түлхүү ашиглах юм. Машин хүлээж авах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Өнөөдөр хүлээн авч буй бүрэн тоноглогдсон  автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилго, зорилтоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” хэмээн тэмдэглэжээ. Төслийн хүрээнд дахин хоёр нүүдлийн эмнэлэг авах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас холбогдох талуудад тавиад байна. 2022 оноос хойш эхэлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд Монгол улсын хэмжээнд 1.3 сая хүн хамрагдаад байгаа бөгөөд энэ онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахаар төлөвлөжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Orc

    chaavaas, guilgachin uher mongolchuud... gadaadaas dandaa tuslamj avna, archaagui!!!

    2024-02-09

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.