Егүзэр хутагтын тавдугаар дүр гавжийн дамжаа барилаа
Чихэнд чимэгтэй
2024-02-13
Халхын Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанваанжил өчигдөр буюу шинийн гурваны билигт сайн өдөр Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд гавжийн дамжаа барилаа. Эдүгээ 34 настай хутагт Энэтхэг улс дахь Балданбэрээвэн хийдийн Гоман дацанд суралцаж гүн ухааны ном үзэн лхаарамбын шалгалтуудыг үе шаттайгаар өгч байгаа бөгөөд бусад таван хуврагийн хамт гавжийн дамжаа барихаар өнгөрсөн онд нутагтаа ирсэн юм. Олноо өргөгдсөн Монгол улсын шашин, төрийн зүтгэлтэн Егүзэр хутагт Галсандашийн хойд дүр Отгонбаярын Лувсанчойжин 1990 онд Улаанбаатарт мэндэлж, есөн настайгаасаа Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацанд шавилан суусан юм. Улмаар 2004 онд Энэтхэг улсад суралцахаар очиж Гандантэгчэнлин хийдийн одоогийн хамба, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй багш нарын дэргэд Бурханы номд суралцаж эхэлсэн байна. XIV Далай лам түүнд 2011 онд гэлэн сахил хүртээсэн бол 2014 оны гуравдугаар сард Егүзэр хутагтын тавдугаар дүрээр тодруулж батламжилсан билээ. Гандантэгчэнлин хийдэд өнөөдрөөс эхлэн шинийн 8-ныг хүртэл таван ламын гавжийн дамжааны хурал болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.