Индонез улс нийслэлээ нүүлгэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-22
Индонез улс энэ оны аравдугаар сараас Засгийн газрын яамд зэрэг төв засаг захиргааны 38 байгууллагыг шинэ нийслэл Нусантара руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдэв. Нийтдээ 6000 төрийн албан хаагч, 179 өндөр албан тушаалан, тэдний гэр бүлийнхэн шинэ нийслэл рүү нүүх ажээ. Төв захиргаа, шинэтгэлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эрва Агус Пурванто "Аравдугаар сард шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр шинэ нийслэлд төрийн албан хаагчид ажиллаж байх болно" гэсэн байна. Тус улсын нийслэл Жакарта хотод хүн амын хэт тэлэлт, үер усны гамшиг зэрэг асуудал нүүрлээд байгаа тул нийслэлийг нүүлгэн шилжүүлэхийг ерөнхийлөгч Жоко Видодо санаачилж, 2019 оны наймдугаар сард Калимантан арлын зүүн хэсгийг шинэ нийслэлээр сонгон, 2022 онд Нийслэлийн барилгын тухай хууль баталжээ. Хуулийн дагуу шинэ нийслэлийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2045 он хүртэл таван үе шаттайгаар хийх юм. Төслийн эхний үе шат буюу Ерөнхийлөгчийн ордон болон бусад томоохон захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ онд багтаан дуусгах ажээ. Улмаар ирэх наймдугаар сарын 17-нд Нусантара хотод Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өргөн хүрээнд сурталчлахаар төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.