2024 оны Парисын Олимпийн зурагт хуудас юугаараа сонин бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-03-06
Ирэх долоодугаар сард болох 2024 оны Парисын Олимп, Паралимпийн наадмын албан ёсны зурагт хуудас Парисын д'Орсэй музейд нээлтээ хийлээ. Энгийн, хэнд ч амархан ойлгогдох өмнөх загвараас ялгаатай нь, Парисын Олимпын зурагт хуудас олон утга санаа, түүхийг агуулсан бөгөөд “Урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтайгаар хийгдсэн, дэлхийд алдартай хүүхдийн "Finding Wally" номыг санагдуулам” хэмээн хэвлэлүүд онцолсон байна. Нээлтэд дэлгэсэн Парисын Олимпын болон Паралимпын зурагт хуудас хоёрыг нэгтгэвэл нэг цул утга санааг илэрхийлэх ажээ. Энэ нь эрх тэгш байх үүднээс Олимп, Паралимпийн наадмыг ялгахгүй гэсэн санаа аж. Уг зурагт хуудсыг анхааралтай ажиглавал, Францыг бэлгэддэг Эйфелийн цамхаг, Ялалтын нуман хаалга, гоёмсог цэцэрлэгт хүрээлэнтэй Версалийн ордон зэргийг харж болно. Мөн зарим алдартай тамирчдыг дүрсэлснээс гадна 2024 оны Олимпод шинээр нэмэгдсэн брэйк бүжиг, спорт авиралт, скэйтборд, сэрфинг зэрэг дөрвөн төрлийн бэлгэдлийг оруулсан байна. Зурагт хуудсыг Францын зураач Уго Гатони хиймэл оюун ухааны тусламжгүйгээр зөвхөн гараар урлажээ. Олимпын наадмын дизайн хариуцсан захирал Йоахим Рончин "Би үүнийг зөвхөн лого, огноо бүхий, уйтгартай зурагт хуудас байлгахыг хүсээгүй, түүх өгүүлэхийг зорьсон" гэж хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.