Франц: Үлэг гүрвэлийн яс олсон залуу палеонтологич болохоор шийджээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-07
Францын иргэн, 25 настай Дамьен Бочетто хэмээх залуу хоёр жилийн өмнө гэрийнхээ ойролцоо нохойгоо салхилуулж яваад нэгэн сонин зүйл олж харжээ. Хөрсний гулгалт болсон хадны ирмэг дээр овоорсон шороон дундаас цухуйсан уг зүйл амьтны араг яс шиг харагдсан байна. Палеонтологи сонирхдог тэрбээр нэн даруй орон нутгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд мэдэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд малтлага хийж үзэхэд тэр нь дэлхийн хамгийн том үлэг гүрвэлийн нэг титанозаврын аарцагны яс байв. Титанозавр бол 145 саяас 66 сая жилийн өмнөх Цэрдийн галавын үеийн өвсөн тэжээлт үлэг гүрвэл, дээд тал нь 26 метр урт, 70 тонн жинтэй байсан гэж эрдэмтэд үздэг. Эрдэмтэд уг ясыг судлах ажилд даруй орохын зэрэгцээ энэ талаараа олон нийтэд огт мэдээлээгүй байна. Хоёр жил үргэлжилсэн судалгаа саяхан дууссан бөгөөд тарсан яснуудыг холбож, үлэг гүрвэлийн биеийн 70 орчим хувийг эвлүүлжээ. Энэ үлэг гүрвэл харьцангуй жижиг буюу 9 метрийн урттай, тунадасны шинжилгээгээр 70 орчим сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан болохыг тогтоосон байна. Судалгааны ажил бүрмөсөн дууссаны хойно олдворыг орон нутгийн музейд дэлгэн үзүүлэх аж. Харин малтлага, судалгаа шинжилгээний ажилд идэвхийлэн оролцсон Д.Бочетто ажлаасаа гарч палеонтологич болохоор шийдсэн байна. Судалгааны багийнхан ч түүний хичээл зүтгэл, авьяас чадварыг өндрөөр үнэлж байна. Тэрбээр "Би судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэхийн тулд палеонтологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар шийдсэн" гэжээ.
Зураг дээр: Дамьен Бочетто (зүүн гар талд) судалгааны багийн гишүүний хамт
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.