images

Венесуэл: Сүүлчийн мөнх цасаа хайлахаас хамгаалж хучина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-07


   Өмнөд Америкийн Венесуэл улс уулархаг бүсэд үлдсэн сүүлчийн мөнх цасаа хамгаалахаар тэмцэж байна. AFP мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тус улсын Байгаль орчны яам Андын нурууны “Сьерра Невада” үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Хумбольд оргилын мөнх цасыг хамгаалахын тулд тусгай шилэн полимер материалаар хийсэн бүрээсийг уулын бүс рүү зөөвөрлөсөн байна. Мөнх цас, мөсөн голыг нарны хүчтэй тусгалаас хамгаалах зорилгоор аваачсан энэхүү бүрхэвч тус бүр нь 80 кг жинтэй 35 ширхэг бөгөөд түүнийг Агаарын цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг, 100 орчим албан хаагчийн хүчээр 4900 метрийн өндөр оргилд хүргэжээ. Улмаар хайлж алга болох эрсдэлд ороод буй мөнх цасыг нарны туяанаас хамгаалах зорилгоор уг бүрээсээр хучих гэнэ. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Мерида мужийн амбан захирагч Жисон Гузман олон нийтийн сүлжээндээ "Мөсөн голын эргэн тойрон дахь хаданд тусаж ойх нарны туяаг бууруулснаар мөнх цасыг хайлахаас сэргийлнэ" хэмээн нийтэлж байв. Сүүлийн үед дэлхий даяар мөнх цас, уулын мөс ихээр хайлж байгааг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэж байгаа ч Венесуэлийн хувьд энэ нь илүү ноцтой түвшинд хүрчээ. AFP агентлагийн мэдээлснээр сүүлийн 100 жилийн хугацаанд тус улсад 10 орчим км/кв мөнх цас хайлж алга болсон байна. Хумбольдт оргилын мөнх цас анх 4.5 км.кв хүртэл өргөн талбай эзэлдэг байсан бол одоо 0.02 км.кв болж багассан байна. Ойрын хоёр жилийн дотор, илүү өөдрөгөөр харвал таван жилийн дотор уг мөнх цас бүрмөсөн хайлж дуусна гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.