1991 оноос өмнөх статистикийг авах боломж бүрдлээ
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Үндэсний статистикийн хорооноос түүхэн статистик үзүүлэлтүүдийг нэгдсэн байдлаар авах боломжтой боллоо. Тодруулбал, Статистикийн нэгдсэн мэдээллийн сан буюу www.1212.mn веб сайтад "Түүхэн статистик" буланг шинээр нээжээ. Монгол улсын хүн ам, малын тоо зэрэг цөөн тооны статистикаас бусад мэдээллийг 1990-ээд оноос хойш буюу Монгол улс зах зээлийн системд шилжиж, ОУВС болон НҮБ-ын гаргасан аргачлалын дагуу мэдээллээ боловсруулж эхэлсэн үеэс нэгтгэсэн байдаг. Тэгвэл шинэ цэсээр дамжуулан 1991 оноос өмнөх хугацааны буюу 1949-1991 оны 45 эмхэтгэл, 1921-1991 он хүртэл статистикийн 105 хүснэгтийг шууд татан авах боломжтой болжээ. "Түүхэн статистик" булангийн нээлтийн үеэр эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Монголчууд бид харьцангуй ойрын түүхээ бодитоор мэддэггүй, үнэлж чаддаггүй. Аливаа улс орны статистикийн байгууллага цэгцтэй, бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй байдаг бол судлаач бид тухайн статистикийн мэдээлэлд суурилж эдийн засаг, нийгмийн асуудлуудын мөн чанар, учир шалтгааныг илүү нарийн дүн шинжилгээтэй тодруулахыг зорьдог. Тиймээс энэ хүрээнд тодорхой дэвшил гарна гэж харж байна” гэжээ. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Судлаачдын хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол баталгаатай эх сурвалж. Судалгаагаа агуулгын хүрээнд өргөжүүлэх, нарийвчлах, олон түвшний судалгаа хийх боломжуудыг бүрдүүлж байгаа нь “Түүхэн статистик” булангийн нэгэн давуу тал. Ялангуяа энэ бүх мэдээллийг цахимаар авах боломж бүрдсэнд олзуурхаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.