“Starbucks” компани шаардлага хангаагүй кофены аягануудыг эргүүлэн татав
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
“Starbucks” компани хэдэн зуун мянган кофены аягыг эргүүлэн татсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. АНУ-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын нийгэмлэгээс эдгээр аягануудаас болж хэрэглэгчид түлэгдэж, гэмтсэн тохиолдол гарах болсон тул ийм арга хэмжээ авсан тухай мэдэгдсэн байна. Уг аягыг Швейцарын хүнсний “Nestlé” компани үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл “Target”, “Walmart” зэрэг сүлжээгээр дамжин АНУ даяар 440 мянган ширхэг зарагджээ. Хэрэглээнд нэвтэрснээс хойш энэхүү аяга богино долгионы зууханд цай, кофе халаах, мөн халуун ус хийх үед хэт халах, хагарах, үүнээс болж хэрэглэгчид түлэгдэх зэрэг эрсдэл тохиолдох болсон тухай тус нийгэмлэг онцолсон байна. Нэгэнт аяга худалдаж авсан бол нэн даруй хэрэглэхээ зогсоон худалдаж авсан газартаа буцаах, эсвэл “Nestlé USA” компанитай холбогдон мөнгөө буцаан авах боломжтой хэмээн тус нийгэмлэг мэдэгджээ. Мөн “Nestlé” компанийн зүгээс "Бид яаралтай арга хэмжээ авч, Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.