images

94 настай эмээ ач хүүтэйгээ дэлхийг тойрон аялж явна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   АНУ-ын иргэн 94 настай Жой Райан буюу хүмүүсийн нэрлэснээр "Жой эмээ" ач хүү Брэд Райаны хамт дэлхийг тойрон аялж яваа тухай CNN мэдээлэв. Тэдний аялал 2015 онд эхэлжээ. Эцэг эх нь салсны улмаас хэсэг хугацаанд уулзаагүй эмээтэйгээ нүүр тулж ярилцсаны эцэст Брэд хамтдаа аялахаар шийдсэн байна. Эмээ нь амьдралдаа өндөр уул огт үзээгүйгээ хэлсэн нь тэднийг аялалд гарах гол түлхэц болсон байна. Ач хүү нь "Эмээгийн маань явсан цорын ганц аялал бол өвөөг нас барахаас өмнө хоёул Флорида руу машинаар явсан аялал байсан гэдэг. Эмээ маань зурагтаар аяллын суваг үзэхээс өөрийг хийж чадаагүй байсан юм” гэжээ. Тэдний эхний аялал Хойд Каролина, Теннесси мужуудыг хамарсан олон уул нуруу бүхий “Great Smoky” байгалийн цогцолбор газар байсан бөгөөд тэр үед Жой эмээ 85 настай байв. Тэд улмаар АНУ-ын 63 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн цогцолбор газраар аялахаар шийдсэн бөгөөд өнгөрсөн жил энэ аяллаа дуусгажээ. Брэд аяллын туршид "Жой эмээгийн аялал" нэртэй Инстаграмм хаяг үүсгэж, үзэж харсан бүхнээ хүмүүстэй хуваалцаж байв. Цахим дагагчид эмээд урам зориг хайрлаж, талархал дэвшүүлэн, эрүүл энхийг хүссээр байжээ. Одоо ч эмээ, ач хүү хоёрын аялал үргэлжилсээр байгаа бөгөөд тэд Ази, Африк, Европ, Антарктид зэрэг дэлхийн бүх тивд очиж үзэх зорилго тавьсан байна. Өнгөрсөн жил Канад, Кени улсаар аялсан бол энэ жил Эквадор, Чилийн аяллаа дуусгаад оны сүүлээр Австралийг зорихоор төлөвлөсөн гэнэ. Жой эмээ “Дэлхийг тойрох зам урт юм. Гэхдээ үзсэн болгон маань сэтгэл тэнийлгэж байна. Олон ч сайхан хүмүүстэй учирлаа" хэмээгээд "Амьд явах цаг богиноссоор байна. Тиймээс яаравчилна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.