images

Хятад: Ихэр эгч дүү хоёр гучин жилийн дараа уулзжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   Хятадын Шаньдун мужид 1991 онд төрсөн ихэр эгч дүү хоёр төрсөн даруйдаа өөр өөр айлд үрчлэгджээ. Эгч Сүн Э нь долоон настай байхдаа өргөмөл гэдгээ мэдсэн бөгөөд 21 нас хүрсэн хойноо ихэр дүүтэй гэдгээ мэдээд аав ээжээсээ асууж шалгаах болсон байна. Ингээд дүүгээ сураглаж хайсаар арваад жилийн дараа цахим хаягийг нь олж авчээ. Тухайн үед дүүгийнх нь хөрш айлын хүн хаягийг нь олж өгөөд зогсохгүй түүнийг дүү Сүн Лютэйгээ усны дусал шиг адилхан болохыг хэлж өгч, бүр дүүгийнх нь гэрэл зургийг үзүүлсэн байна. Сүн Э тэр зургийг харангуутаа дүү нь гарцаагүй мөн болохыг мэдсэн гэдгээ ярьжээ. Ингээд өөрийнхөө зургийг дүүдээ илгээсэн боловч хариу ирсэнгүй. Учир нь дүү нь ихрийн өрөөсөн гэдгээ мэдээгүй явсан бөгөөд өөртэй нь зүс царайгаар ижил төстэй хэн нэгэн түүнийг залилах гэж байж магадгүй хэмээн болгоомжилсон нь тэр байв. Дараа нь Лю нагац эгчээсээ бүх үнэнийг сонсож, эгчтэй гэдгээ мэдээд туйлын их баярлажээ. Тэдний суудаг хот хоорондоо холгүй байсан бөгөөд 2022 оны гуравдугаар сард анх уулзахад гадаад төрх, дуу хоолой төдийгүй үсний засалт, хувцас сонголт хүртэл ижилхэн байсан гэнэ. Удалгүй тэд хоёул хүүтэй болсон бөгөөд хүүхдүүддээ ижилхэн Кэвин гэх англи нэр өгчээ. Эгч дүүс бие биенийхээ өргөмөл эцэг эхтэй танилцаж дотно сайхан харилцаатай аж төрж байна. Мөн тус тусдаа эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр ажиллуулж байгаа ажээ. Энэ сонирхолтой түүхийг олж мэдсэн цахим хэрэглэгчид эерэг сайхан сэтгэгдэл бичиж, аз жаргал хүссэн мессэж илгээх болжээ. Эгч дүү хоёр "Бид хамтдаа өссөн бол бүр сайхан байсан байж магадгүй. Гэхдээ үлдсэн амьдралаа хоёул аз жаргалтай өнгөрөөх болно” хэмээн “South China Morning Post” сонинд ярьсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.