Тайланд: Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулган яг одоо эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-04-22
"Bangkok Post" гэж сонин байдгийг мэдээд олон он болжээ. Монголын тухай гарсан бага жижиг юмнаас нь орчуулж гаргасан ч удаа бий. 80 жил гарч байгаа, Тайландын хамгийн том өдөр тутмын сонин, 100 гаруй мянган хувь хэвлэгддэг. Өглөөний цайн дээр өндөг, жимсхэн эргүүлэхийн завсар шинэхэн дугаар авч үзвэл, тэргүүн нүүрэнд нь Монгол улсын Гадаад харилцааны сайдын ярилцлага гарсан байна. Special Interview гэжээ. Дипломат харилцаа тогтоогоод яг 50 дахь жилтэйгээ золгож буй манай хоёр улсын хооронд аялал жуулчлал, технологи, хөдөө аж ахуй зэрэг хэд хэдэн салбарт ялангуяа сүүлийн жилүүдэд харилцаа маш идэвхтэй өрнөж байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л Монголын 50 мянган жуулчин энэ улсад иржээ. Монгол улс дэлхий дахинд үүд хаалгаа нээгээд удаагүй 1992 онд Тайландын хааны гүнж Монголд айлчилж байсан нь сонин. "Улс үндэстнүүд хоорондоо нөхөрлөх нь чухал. Гэхдээ хүн хоорондын харилцаа л юу юунаас илүү чухал шүү" гэж IX Рама хааны нэгэнтээ хэлснийг сайд Б.Батцэцэг ярилцлагадаа эшилжээ.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулган Бангкок хот дахь НҮБ-ын хурлын төв байранд яг одоо эхэлж байна. Чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно. Азийн бараг бүх орон, Австрали тэргүүтэй далайн орнууд оролцоно. Чуулганыг Монгол улсын Гадаад харилцааны сайд даргална.
"Bangkok Post" сонины онцлох ярилцлагатай дугаар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.