Оросын армид элссэн Балбын хөлсний цэргүүд оргожээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-02
Оросын армид элссэн Балбын хөлсний цэргүүд бөөнөөрөө оргосон тухай Украины Батлан хамгаалах яамны дэргэдэх Тагнуулын газар мэдээлэв. Мэдээнд дурдсанаар Украины Луганск мужид байрлаж байсан Оросын 29328 дугаар ангийн балба цэргүүд саяхан анги байрлалаа орхин зугтсан болохыг Оросын дотоодын цэргийн баримт бичигт үндэслэн мэдээлсэн байна. Уг баримт бичигт Балба улсын дөчөөд цэргийн албан хаагчийн нэр бичигдсэн байжээ. Цэргүүдийг тушаал биелүүлээгүй гэх шалтгаанаар хууль бусаар шийтгэдэг, амласан хөлс мөнгөө өгөөгүй зэрэг шалтгаанаар оргосон гэх боловч Оросын цэргийн удирдлага тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Балбад болсон газар хөдлөлтийн улмаас онцгой шалтгаанаар нутаг буцах болсон хэмээн тайлбарласан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Балбын Засгийн газар Оросын армид татагдаж ирсэн зургаан цэрэг амиа алдсан болохыг мэдээлж дахин хөлсний цэрэг авахаа зогсоохыг шаардаж байсан юм. Балбын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Украины дайн эхэлснээс хойш 200 гаруй балба цэрэг Оросын армид элссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.