Хэнтий: Төрийн байгууллагууд ажилтнууддаа гэр, хашаа, байшин, хүлэмж олгов
Чихэнд чимэгтэй
2024-05-13
Хэнтий аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын дунд өрнүүлж буй “Асуудлаас шийдэлд” тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ. Энэ уралдаан нь байгууллагууд алба хаагчийнхаа амьдрах, ажиллах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлох зорилготой юм. Уралдаан эхэлснээс хойш Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих анги идэвх зүтгэлтэй тогтвортой ажиллаж байгаа хамгаалалтын ажилтныхаа гэр бүлд Хэнтий аймгийн Хэрлэн суманд 0.07 га газар өмчлөхөд нь мөнгөн дэмжлэг үзүүлж, дөрвөн тал хашаа барьж тохижуулан таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр хүлээлгэн өгчээ. Мөн Онцгой байдлын байгууллага нэг эмэгтэй алба хаагчид гэр олгохын зэрэгцээ хашаанд нь хүлэмж байгуулж өгсөн бол Цагдаагийн газар нэг алба хаагчийг хувийн хашаа, байшинтай болгожээ. Түүнчлэн Нийтийн номын сангийн хамт олон киоск машин байрлуулж, нэг албан хаагчийнхаа бизнесийг дэмжиж номын сангийнхаа дэргэд мини кафе ажиллуулж эхэлсэн байна. Политехник коллеж залуу гэр бүлээ дэмжиж шинэ байраа засаж, тохижуулахад нь гурван сая төгрөгийн материалын дэмжлэг үзүүлжээ. Харин аймгийн төвийн "Тэмүүжин" сургууль нэг ажилтныхаа галд өртсөн 4 өрөө байшинг бүрэн засварлаж өгсөн бол сумдаас Цэнхэрмандалын дунд сургууль "Бөөрөө бөндийлгөе" аян зохион байгуулж 250 сурагчаа шинжилгээнд хамруулан тус бүрт нь эмчийн зөвлөгөө, эмчилгээ бичүүлэн зуны амралтаараа эмчлүүлж ирэх даалгавар өгсөн байна. Шалгаруулалтын хоёрдугаар шатанд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, "Тэмүүжин" сургууль тэнцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.