Хөххот: Төрөлтийг дэмжих шинэ бодлого хэрэгжүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-05-14
Хятадын хүн ам хөгширч, залуучууд гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх сонирхолгүй болсон тул төрөлтийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. Ингэхдээ муж, хот бүр нь өөр өөр урамшууллын арга хэрэглэж байна. Тухайлбал, Өвөр Монголын Хөххот олон хүүхэдтэй эцэг, эхэд зориулан урамшууллын бодлого шинээр гаргаснаа даваа гарагт мэдээллээ. Шинэ бодлогоор хотын татвар төлөгч иргэн 3-аас доош насны хүүхэдтэй бол сар бүр 2000 юанийн татвар хөнгөлүүлэхээр болсон байна. Мөн хоёр, гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан гэр бүлд нэг удаа 5000 юань өгөх ажээ. Мөн эхийн жирэмсний амралтын хугацааг сунгасан байна. Хөххотод жирэмсний амралтын хугацаа хоёр сар байдаг бол эхний болон хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа тохиолдолд 98 хоног, гурав дахь нь бол 128 хоногийн амралт нэмж өгөхөөр болов. Түүнчлэн аавын чөлөөг 25 хоногийн хугацаанд өгөх гэнэ. Харин Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын Банжяндун тосгон хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа хүнд 10, гурав дахь нь бол 30 мянган юанийн тусламж нэг удаа өгөхөөр болсноо мөн даваа гарагт зарласан байна. Энэ урамшууллаа ирэх сарын 1-нээс өгөхөөр болжээ. Тус муж 127 сая оршин суугчтай ч төрөлтийн түвшин нь мянгад 8.12 аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.