images

Эрдэнэтийн ордыг нээсэн 97 настай чех эрдэмтэнд хүндэтгэл үзүүлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-14


   Чех улс дахь Монголын Элчин сайдын яам монголч эрдэмтэн, эдүгээ 81 настай Иржи Шима, Эрдэнэтийн зэсийн ордыг илрүүлсэн инженер, 97 настай Моёмир Краутер, эрдэмтэн Ж.Лувсандоржийн гэргий, 80 настай М.Бадамгарав нарыг хүлээн авч ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн бэлгийг гардуулжээ. Инженер М.Краутер гуай өнгөрсөн зууны жараад онд Чехословак улсын геологийн багийг ахалж, манай улсад гурван удаа хайгуул хийхдээ Эрдэнэтийн зэс, молибдений орд, Чулуут цагааны жоншны ордыг нээсэн хүн юм. Улмаар 1984-1989 онд "Монгол-Чех металл" хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Харин И.Шима гуай 1964 онд МУИС-ийг төгссөн Чехословакийн анхны оюутан ажээ. Түүнээс хойш монгол-чех, чех-монгол хэлний толь бичиг, ярианы дэвтэр зохиож, 1990 онд “Монголын анд нөхдийн нийгэмлэг” байгуулж, одоо эх орондоо “Азийн бяцхан музей”-г нээн ажиллуулж байгаа аж. Карлын их сургуулийн Монгол судлалын төвд багшаар ажиллаж байсан профессор Ж.Лувсандоржийн гэргий М.Бадамгарав нь 1987 оноос хойш Чехэд амьдарч байна. Түүний хань Ж.Лувсандорж Карлын их сургуульд монгол хэл бичиг заадаг байсан бөгөөд "Монголын нууц товчоо"-ны судалгаа хийдэг байжээ. Улмаар "Монголын нууц товчоо"-г хэл зүй, соёлын тайлбартайгаар хэвлүүлж, зохиолд гардаг үгсийг зөв унших, утгыг үнэнээр танихад чухал хувь нэмэр оруулсан хүн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.