Орос эмч нар Монголд ирж, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцав
Чихэнд чимэгтэй
2024-05-15
ОХУ-ын Красноярск хотын Төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлэгт нэг сарын хугацаатай суралцаж, өчигдөр сертификатаа авлаа. Тэдгээр дөрвөн эмч УНТЭ-т суралцахдаа элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг, цөсний мэс заслын туршлага судалсан байна. УНТЭ нь 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд 2014 онд монгол эмч нар энэ мэс заслыг бие даан хийснээр өнгөрсөн хугацаанд 260 гаруй хүнд элэг суулгажээ. УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал орос эмч нарт сертификат гардуулах үеэрээ “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү байв. Энэ нь гаднын эмч, мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Сургалтад суусан эмч нар нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монгол эмч нарыг нутагтаа зочлохыг урьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.