Бурханы шашны дээд сургуулийг их сургууль болгон өөрчиллөө
Чихэнд чимэгтэй
2024-05-17
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургуулийг их сургууль болгон өргөжүүллээ. 2024 оны дөрөвдүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ уг сургуулийг их сургууль болгон өөрчлөх Засгийн газрын тогтоолыг гардуулсан юм. Тэгвэл өчигдөр уг тогтоолыг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж Монголын Бурханы шашны их сургуулийн захирал Ц.Лувсандоржид хүлээлгэн өгчээ. Тус сургуулийг анх 1970 онд Монголын Бурханы шашны төвийн тэргүүн, хамба лам С.Гомбожав, ЗХУ-ын Буриадын бандида хамба Г.Жамбалдорж нар санаачлан Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль нэртэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш 20 гаруй удаагийн төгсөлтөөр Буддын гүн ухаан судлаач, эм зурхай судлаач, шүтээн урлаач, түвд хэл судлаач, уншлага, зан үйл судлаачдыг бэлтгэн гаргажээ. Сургалтыг бакалавр, магистрын хөтөлбөрөөр явуулдаг бөгөөд Буриад, Тува, Халимаг зэрэг улсаас оюутнууд ирж суралцдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.