images

Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-05-20


   Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-ий 48 килограммын жинд барилдсан Монголын тамирчин Бавуудоржийн Баасанхүү дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Улаанбаатарын цагаар өчигдөр 10 цаг 40 минутад болсон шигшээ барилдаанд Италийн бөх Ассунта Скуттотой учраа таарсан тэрбээр барилдааны сүүлчийн мөчид өрсөлдөгчийнхөө мэхэнд хариу мэх даацтай хийж вазари үнэлгээ авснаар хожсон юм. Өдгөө 22 настай А.Скутто дэлхийн аваргын хоёр хүрэл медальтай, өнөөдрийн байдлаар Олимпын эрхийн чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр манай Б.Баасанхүүтэй өмнө нь гурван удаа тааран барилдахдаа хоёрт нь ялагдаж байжээ.

   Өдгөө 24 настай Б.Баасанхүү өнөөдрөөс яг нэг сарын өмнө Хонконгод Ази тивийн аварга болж байсан бол энэ жилийн Ташкент, Душанбэгийн “Их дуулга” тэмцээнүүдэд мөн түрүүлсэн билээ. Тэрбээр Монголын тамирчдаас жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга болж буй юм. Анх 2009 онд Х.Цагаанбаатар энэ цолыг хүртсэн бол 2013 онд М.Уранцэцэг, 2014 онд Г.Болдбаатар, 2017 онд Д.Сумъяа, 2022 онд Ц.Цогтбаатар нар дэлхийн аварга болж байжээ.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.ijf.org

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.