Монголын тамирчин Хятадын мото раллид уралдаж байна
Чихэнд чимэгтэй
2024-05-27
Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод олон улсын “Такламакан ралли” авто, мото спортын уралдаан ням гарагт эхэллээ. Энэ жил тав дахь удаагаа болж буй уг уралдаанд Монголоос оролцож байгаа ОУХМ П.Мөрөн “Синьхуа” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр хоёр жилийн өмнө уг раллийн талаар интернэтээс олж үзсэн бөгөөд очиж уралдахыг хүсч байсан нь ийнхүү биелжээ. Түүний аав Пүрэвдорж Монголын анхны албан ёсны мотоциклын клубыг байгуулж, олон уралдаанч бэлтгэсэн байна. Аавынхаа нөлөөгөөр мото спортод дуртай болсон П.Мөрөн гэрийнхэндээ хэлэлгүй найзынхаа мотоциклыг гуйж анхны уралдаандаа оролцоод дэд байр эзэлсэн гэнэ. Энэ явдлын дараа тэрбээр ааваасаа зөвшөөрөл авч өөрийн гэсэн мотоциклтой болсон байна. Харин өдгөө аавынхаа заавар, зөвлөгөөг баримтлан томоохон уралдаануудад оролцдог болжээ. П.Мөрөн өнгөрөгч гуравдугаар сард “Abu Dhabi Desert Challenge” уралдаанд аравдугаар байр эзэлснээр ирэх оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн том “Дакар ралли”-д уралдах эрхээ аваад байгаа юм. Өдгөө 25 настай залуу тамирчин эх орондоо мотоциклийн сургууль байгуулж хүүхдүүдийг сургах хүсэлтэй байгаагаа “Синьхуа” агентлагт ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.