Монголын сагсан бөмбөгчид Хятадад аваргалав
Чихэнд чимэгтэй
2024-05-27
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "Гран При” тэмцээн өнгөрөгч долоо хоногт Хятадад болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас гурван баг оролцсоноос “Улаанбаатар Энержи” баг түрүүлж, “Завхан Сайнскор” гуравдугаар байранд шалгарчээ. “Улаанбаатар Энержи” баг хэсгийн тоглолтод Японы “Үцүнояма”, “Шинагава” багийг ялсан бөгөөд хасагдах шатанд Хятадын “Үши”, Монголын “Завхан Сайнскор”-ыг, финалд Швейцарын “Лозанн” багийг буулган авчээ. Тэд 2019 онд "Гран При" тэмцээнд анх удаа түрүүлж байсан бол таван жилийн дараа хоёр дахь цомоо авч байгаа нь энэ юм. Энэ удаагийн тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор Монголын багт орж тоглосон дасгалжуулагч Стив Сер тодорсон байна. Харин “Завхан Сайнскор” баг гуравдугаар байранд шалгарснаар Канадын Эдмонтонд болох "Их дуулга" тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэд Монголын “Сансар Энержи” болон Швейцарын “Лозанн”-ыг буулган авч хэсгээ тэргүүлэн Хятадын “Бээжин” багийг 21:19-өөр буулган авсан ч хагас шигшээд “Улаанбаатар Энержи”-д хожигдсоноор гуравдугаар байранд шалгарсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.