Францын нүдний эмч нар Баянхонгор аймгийн 341 иргэнийг үнэ төлбөргүй эмчилжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-30
Монголчуудын дунд нүдний далавчит хальс гэмтэх, нулимсны сүв битүүрэх, салст үрэвсэх, нүдний даралт ихсэх, болох цайх, хуурайших зэрэг өвчлөл түгээмэл байдаг. Эдгээр өвчлөлд гол төлөв насжилт, хуурай, ширүүн уур амьсгал нөлөөлдөг байна. Гэтэл орон нутгийн малчид, ахмадуудад тэр бүр нүдээ үзүүлж оношлуулах, эмчлүүлэх боломж олддоггүй. Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймгийг Францын “Лаурел” сантай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлснээр тус аймагт “Алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх” төсөл хэрэгжсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард “Лаурел” сангийн зохицуулагч, эмч Хью Парсонс тэргүүтэй франц эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийнхантай хамтран Баянхонгор аймгийн 20 сум, аймгийн төвийн 10 багийн 1231 иргэнийг нүдний үзлэгт хамруулжээ. Улмаар мэс засал хийлгэх шаардлагатай 341 иргэнийг сонгож үнэ төлбөргүй эмчилсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Нүдний, харааны өвчлөлд өртөн энэ хорвоо ертөнцийн олон өнгийг тод томруунаар харж чадахгүй байгаа төрөлх нутгийнхаа азай буурлууд, иргэдэд чиглэн олон шатлал дамжуулалгүй, зардал санхүүд баригдалгүйгээр орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломжийг олгон энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм” хэмээсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.