"Ondo space" компани нэмж 10 хиймэл дагуул хөөргөнө
Чихэнд чимэгтэй
2024-06-04
Энэ оны гуравдугаар сард Юмсын интернэтийн (Internet of Things) туршилт явуулахаар хоёр хиймэл дагуулыг АНУ-аас хөөргөөд байсан Монголын "Ondo space" компани ирэх 10 дугаар сард дахин 10 хиймэл дагуул хөөргөхөөр болжээ. Монголын анхны сансрын технологийн компани "Ondo space" нэмж хиймэл дагуул хөөргөх гэрээгээ АНУ-ын "SpaceX" компанид пуужин хөөргөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлддэг Германы “Exolaunch” компанитай байгуулсан байна. Улмаар 2027 гэхэд Монголын сансрын технологийн компани дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ. Өмнө нь хөөргөсөн хоёр хиймэл дагуул задгай сансрын 550 км-ийн өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш техникийн бүх туршилтууд амжилттай болсон хэмээн тус компанийн технологи хариуцсан захирал Д.Амартүвшин мэдэгджээ. Ингэснээр мал амьтны байршил тогтоогч төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлэх ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжинд интернэтийн сүлжээгүй газар мал сүргийн байршил тогтоох, холын зайд тээвэр хийж буй том оврын машиныг хянах үйлчилгээг арилжаанд нэвтрүүлэхээр болжээ. Компани эдгээр үйлчилгээг Монголдоо нэвтрүүлээд зогсохгүй олон улсын зах зээлд экспортлохоор зорьж байгаа гэнэ. "Ondo space" мөн Япон, АНУ, Өмнөд Солонгосын сансрын технологийн компаниудтай хамтран ажиллаж, өөрсдийн зохион бүтээсэн систем, үйлчилгээгээ санал болгож эхэлжээ. Үүнд хиймэл дагуул бүтээж нийлүүлэх, бусдын арилжааны хиймэл дагуулыг хамтран хөөргөх, газрын станцын үйлчилгээ үзүүлэх зэрэг багтах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.