images

Хүрээ Майдар бурхныг шинэ дуганд заллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-06-05


  Шинээр бүтээсэн Хүрээ Майдар бурхныг сэргээн засварласан дуганд залж, өчигдрөөс сүсэгтэн олноо хүлээн авч эхэлснийг Нийслэлийн ИТХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 1990-ээд оны эхэн үеэс Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам нар Майдар бурхныг дугантай нь хамт сэргээн засварлах ажлыг санаачлан эхлүүлжээ. Хүрээ Майдар бурхны эх загварыг 2007 онд Өндөр гэгээн Занабазарын дэгээр бүтээсэн Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар барималч Н.Оргил 1.6 метрийн өндөртэй бүтээсэн байна. Уг бүтээл Төвд, Хятад тэргүүтэй бурхны шашинтай Азийн орнуудад бүтээгдсэн Майдар бурхнаас ялгаатай нь ур хийц, харагдах байдлын хувьд Өндөр гэгээнээс уламжилж ирсэн монгол шинжийг агуулснаараа онцлог болсон юм. Улмаар Хүрээ Майдар бурхныг 2010-2013 оны хооронд дахин бүтээхдээ барималч Н.Оргилын эх загварын дагуу Хятадын Сычуан мужийн Чэндү хотын компанийн бурхан урлаач Гончигдаш тэргүүтэй Төвд, Балбын урчууд зэсээр урласан байна. Харин дуганы барилгын суурийг 2017 онд тавьж, долоон жилийн хугацаанд барьж дуусгасан байна. Дуган нь зургаан давхар шилэн барилга бөгөөд бясалгалын өрөө, номын сан, музей, хурал уулзалтын өрөө, сургалт, семинар хийх өрөө, танхимуудтай аж. Хүрээ Майдар бурхан бол Нийслэл хүрээнд 1834-1942 он хүртэл залж байсан монголчуудын их шүтээн юм. Майдар бурханыг Бурхан багш Шагжамүнийн дараагаар энэ хорвоод мэндлэн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын тав дахь бурхан хэмээн үздэг ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.