images

Япон, Хойд Солонгос улсууд Монголд дахин уулзаж магадгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-06


   Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх наймдугаар сард Монголд айлчилж магадгүй талаар албан бус эх сурвалж мэдээлснийг “Mainichi” сонин уламжлав. Хэрэв Монголд ирэхээр болбол Хойд Солонгосын талтай уулзаж хулгайлагдан тус улсад очсон япончуудын асуудлыг ярилцах юм байна. Токио нь Пёньянтай дипломат харилцаагүй учраас дээрх асуудлаар хэлэлцэхийн тулд манай улсаар зуучлуулдаг. Тухайлбал, 2007, 2012 онд Улаанбаатарт хоёр тал уулзаж хулгайлагдсан иргэдийн асуудал болоод бусад сэдвээр хэлэлцсэн билээ. Харин Японы төрийн тэргүүний хувьд манай улсад хамгийн сүүлд 2016 онд айлчилжээ. Ирээдүйд болж магадгүй энэ айлчлалыг наймдугаар сарын эхээр хийх бөгөөд Ф.Кишида 1970-1980 оны хооронд япон иргэдийг хойд солонгосчууд хулгайлсан асуудлыг шийдэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хамтран ажиллана гэж найдаж байгаа аж. Тэрбээр хулгайлагдсан хүмүүсийн хамаатан садан нас өндөр болсон тул хохирогчдыг эх оронд буцаахыг хүсч байгаа юм. Ф.Кишида хоёр улсын хооронд өндөр дээд түвшний яриа хэлэлцээр зохион байгуулах, Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийх боломж бий болгох хүчин чармайлтыг нь дэмжихийг хүссэн байна. Мөн Ф.Кишида Монголд хийх айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахаас гадна 2016 онд байгуулсан Монгол, Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүнд үндэслэн эрдэсийн худалдаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.