Ирэх сарын 10-наас Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2024-06-12
Монголын иргэний агаарын тээврийн “Eznis Airways” компани ирэх сарын 10-наас 256 хүний суудалтай “Airbus A330-200” онгоцоор Улаанбаатар - Прага-Улаанбаатар чиглэлд ирж, буцах шууд нислэг үйлдэхээр боллоо. Ингэснээр Төв Европын улсуудад амьдардаг, суралцдаг монгол иргэд цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломж бүрдэв. Мөн хоёр улсын хоорондох аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Прага хотын онгоцны буудлаас 160 чиглэлд дамжин нисэх давуу тал бий болжээ. Энэ шууд нислэгийг бий болгохын тулд талууд анх 2017 онд Улаанбаатар хотноо “Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Чех улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж байсан юм. Харин 2020 онд хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Монголын тал шууд нислэг үйлдэх томилгоог “Eznis Airways” компанид олгосон билээ. Гэвч цар тахал, дэлхийн дахины улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн өнөөг хүртэл хойшилжээ. “Eznis Airways” компани нь дэлхийн 120 улсын 336 агаарын тээвэрлэгч нэгдсэн Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны гишүүнээр элссэн Монголын хоёр дахь агаарын тээвэрлэгч юм. Тус компани долоо хоногт хоёр удаа буюу лхагва, бямба гараг бүрт Прага хот руу тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Манай улсын 12 мянган иргэн Чех улсад амьдардаг бол тус улсын иргэд манайд 30 хоног визгүй зорчих боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.