images

Жендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол улс 85 дугаарт жагсав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-12


   Дэлхийн эдийн засгийн форумаас өнөөдөр “Жендерийн зөрүүтэй байдлын индекс 2024” тайланг танилцуулав. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эдийн засгийн оролцоо, боломж, улс төрийн эрх мэдэл, боловсролын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр харьцуулж гаргасан энэ судалгааны үр дүнд Монгол улс 146 орны 85-д жагсжээ. Өмнө жил манай улс 80 дугаарт жагссан бол 2022 онд 70 дугаарт эрэмбэлэгддэг байв. Судалгааны үр дүнг нэгийн тоотой жишиж гаргадаг бөгөөд манай улс 0.705 оноо авчээ. Энэ индекс нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг. Тэгвэл манай улс үндсэн дөрвөн үзүүлэлтээс эдийн засгийн оролцоо, боломжоор 0.736 оноо авч 43, улс төрийн эрх мэдлээр 0.104 оноо авч 120 дугаарт жагсав. Харин боловсролоор бусад 27, эрүүл мэнд, аюулгүй байдлаар бусад 26 улсын хамт нэг оноо бүтэн авч тэргүүлжээ. Өнгөрсөн жил манай улс эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр тэргүүлсэн ч нэг оноо бүтнээр нь аваагүй юм. Харин боловсролоор 67 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 66 байраар урагшиллаа. Үндсэндээ, Монгол улс хүйсийн зөрүүтэй байдлын үнэлгээгээр хойшоо жагсаж байгаад эмэгтэйчүүд улс төрийн эрх мэдэл багатай байдаг нь гол нөлөө үзүүлж байна. Мөн манай улс өмнөх оноогоо 0.001 нэгжээр ахиулсан ч таван байр ухарсан нь бусад улсын жендерийн зөрүүтэй байдал багассаныг илтгэнэ. Тэгвэл уг индексийг өмнөхийн адилаар Исланд тэргүүлсэн бол Судан улс сүүл мушгилаа.

Гэрэл зургийг Ayan Travel вэб сайтаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.