images

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны гишүүнээр монгол хүн улиран сонгогдлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-13


   АНУ-ын Нью-Йорк хотноо Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 17 дахь бага хурал боллоо. Энэ хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны сонгуулийг хийв. Энэ удаагийн сонгуульд тус хорооны гишүүнээр 2021-2024 онд ажиллаж байгаа Д.Гэрэл улиран сонгогдов. Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Индианагийн Нотр Дамын их сургуульд олон улсын хүний эрхийн магистр болжээ. Оюутан байхдаа хараагаа алдсан Д.Гэрэл 2013-2020 онд Хараагүйчүүдийн Үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны энэ удаагийн сонгуулиар тус хорооны бие даасан төлөөлөгчөөр Японы иргэний эрхийн хуульч Хироши Тамон шалгарчээ. Тэрбээр сонсголгүй бөгөөд өдгөө 57 настай ажээ. Нийт 18 гишүүнтэй тус хорооны есөн шинэ төлөөлөгчөөр Монгол, Япон, Бразил, Доминикан, Европын холбоо, Ямайка, Морокко, Нигер, Уругвайн хуульчид сонгогдсон байна. Тэд ажлаа 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид дэлхийн 180 орон гарын үсэг зурж нэгдэн орсон байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.