images

Д.Баттулга: Миеэко Накаяама гуай “Монголчууд бусдаас ондоо сайхан хүмүүс” гэдэг байсан

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-13


Монголын жүдогийн тамирчдыг Японд бэлтгэл сургуулилт хийхэд тусалж дэмждэг байсан Миеэко Накаяама гуай тэнгэрт дэвшжээ. Иймд М.Накаяама гэж ямар хүн байсан талаар жүдогийн дасгалжуулагч Дашгомбын Баттулгатай ярилцлаа.

- Монголын жүдочдод олон жил тусалсан өндөр настай япон эмэгтэй нас барсан гэж сонслоо. Хэзээнээс та бүхэнд тусалж ирсэн юм бэ?

- Монголын жүдочдод төдийгүй Японд аж амьдралаа залгуулахаар очсон олон монгол иргэн, бизнес эрхлэгчдэд тусалдаг байсан Миеэко Накаяама гуай ная гараад өөд боллоо. Япондоо бол залуудаа орох байх. Тэр хүнтэй бид 1990-ээд оны эхээр танилцаж байлаа. Аав нь Ёокүчи гэж хүн байсан. Ёокүчи гуай бидэнтэй эхэлж танилцаад охинтойгоо хамт тусалж ирсэн. Нэг үгээр бол тэдний гэр бүл монголчуудыг гуч гаруй жил дэмжсэн юм.

- Тэд ямар хүмүүс байв. Анх яаж танилцсан бэ?

- Тэднийх миний мэдэхээр тавилгын үйлдвэртэй байсан. Цаана нь өөр үйлдвэр байдаг ч байж магадгүй. Ёокүчи гуай жүдогоор барилддаг байсан учраас “Коодогакшяа” клуб нээсэн юм билээ. Харин охин нь жүдогоор барилдаж байсан гэсэн. Мөн М.Накаяама гуайн охин Норико жүдогийн тамирчин бол хүү Хараяа нь бэртэл авч барилдахаа больсон гэдэг. Тиймээс Хараяа клубынхээ дасгалжуулагчийг хийдэг байсан. Тэднийх үе дамжсан жүдоч айл л даа. Харин яаж бид танилцсан бэ гэвэл, Ёокүчи гуай биднийг Японд тэмцээнд оролцож байхад өөрөө зорин ирсэн юм. Тэгээд тусалж дэмждэг болсон. Монголд 1990-ээд оны эхээр юу юу ч үгүй хүнд хэцүү байсан шүү дээ. Тэр үед бид Япон руу жүдог бий болгосон хоёр их хүний нэрэмжит “Жигороо Кано”, “Широки” гэдэг хоёр том тэмцээнд оролцохоор урилгаар очдог байлаа. “Белград 1989” ДАШТ-ээс медаль авсан О.Балжинням аварга бид хоёрыг тэр тэмцээнд барилдахыг урьсан юм. Олимп, ДАШТ-ий медальтай хүмүүсийг урьж ирж, очих зардлыг нь даадаг байсан. Ингээд тэмцээнд оролцож байхад Ёокүчи гуай зорин ирж танилцсан. Улмаар бид 1992 оны Барселонагийн Олимпын өмнөх бэлтгэлийг тэднийд хийсэн түүхтэй.

- Та бүхэнд яаж тусалдаг байв?

- Гэрээр нь очоогүй монгол гэж байхгүй дээ. Гэрийнх нь дээд давхарт тамирчид байрлана. Тэдний хоол ундыг нь төхөөрч өгөх, эрүүл ахуйд нь анхаарах зэргээр бүх юмыг зохицуулж ажилладаг хүн байлаа. Мөн биднийг хамтарсан бэлтгэл хийлгэх, тив, дэлхийн тэмцээнд оролцох болоход зардал мөнгөн дээр туслах зэргээр их дэмжсэн. Б.Бат-Эрдэнэ аваргаас авхуулаад бүгд л тэднийхээр дамжсан. Коодогакшяа гэхээр монголчууд андахгүй биз дээ.

- Монголд олон ирж байсан уу?

- Монголд олон ирж, олон ч хүнийг япончуудтай холбож өгсөн хүн дээ. М.Накаяама гуай монголчуудыг сургах, энд сургууль барих мөрөөдөлтэй байсан. Мөн Улаанбаатарт Спортын эмнэлэг барьж өгнө гээд 15 дугаар хороололд газар авч байлаа. Тухайн үед манайхан газраа өгчхөөд гомдоосон тал бий. Тайлбарлахад хэцүү юм. Хувь хүмүүст ашиггүй болохоор эмнэлгээ босгож чадалгүй асуудал үүссэн. Тэр хүн олон ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй. Би санаа зовоод тэгсгээд зайгаа барьсан. Ойртохоосоо зовоод байдаг юм. Тэр “Монголчууд бусдаас ондоо сайхан хүмүүс” гэж ярьдаг байсан. Биднийг Монгол руу үдэж өгч байгаа зурган дээр уйлж байгаа харагдах жишээтэй тийм л элгэмсүү хүн байлаа. Тэр хүний талаар миний мэдэх юм энэ л байна даа.

Японд бэлтгэл хийгээд буцаж байгаа тамирчдыг Ёокүчи гуай охин Миеэко Накаяамагийн хамт үдэж өгч байгаа нь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.