Нийтийн тээврийн богино эргэлтийн шугамыг нэвтрүүлснээр 25 тэрбум төгрөг хэмнэжээ
Чихэнд чимэгтэй
2024-06-19
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг өчигдөр болж 2024 оны төсвийг өөрчлөх, үнэт цаас гаргаж арилжих асуудлыг хэлэлцэж батлав. Нийслэл энэ онд багтаан дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалах болсон тул 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. Улаанбаатар хот үнэт цаас гарган арилжиж босгосон хөрөнгөөрөө хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, эрчим хүч хуримтлуурын станц барих, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж дахин барилгажуулах төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтөд шаардлагатай гадна инженерийн шугам сүлжээ байгуулах, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг үнэт цаас арилжиж олох хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай явж байна. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байгаа. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.