Чехийн музейд ирэх жил “Чингис хаан” үзэсгэлэн гаргана
Чихэнд чимэгтэй
2024-06-20
Монгол, Чех улсын найрамдалт харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан ирэх оны 3-8 дугаар сард хоёр орны Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр боллоо. Иймд үзэсгэлэн зохион байгуулах тухай гэрээнд "Чингис хаан" музейн захирал С.Чулуун, Чехийн Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар өчигдөр гарын үсэг зурав. Энэ үзэсгэлэнд Чехийн музей дэх Монголын дурсгалууд болон Францын Нант хотод гаргасан "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд тавьсан үзмэрүүдийг тавих ажээ. Учир нь, 1818 онд байгуулагдсан Прага хотын музейд Монголын холбогдолтой 2500 гаруй үзмэр байдаг аж. Тэдгээрийн тал нь шашин шүтлэг, үлдэх хэсэг нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой юм. Тиймээс ирэх жилийн үзэсгэлэнгээр Хүннүгийн үеэс Их Монгол улс хүртэлх үеийн олдвор, бурхны шашны дурсгалуудыг үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн тус улс дахь Монголын түүхийн дурсгалуудаар “Чех дэх Монголын өв” ном бүтээхээр ажиллаж байгаа билээ. Манай улс Чингис хааны тухай үзэсгэлэнг цаашид Швейцарын Цюрих хотын "Ритберг" музей, Канад, АНУ-д гаргахаар төлөвлөөд байна. Франц улстай хамтран Нант хотын музейд гаргасан үзэсгэлэнг өнгөрсөн хугацаанд 250 мянга гаруй хүн үзсэн юм. Тэнд тавьсан "Чингис хаан" музейн олдворуудыг Монголд хэдийнэ буцаан авчирчээ. Сонирхуулахад, Чехийн Үндэсний музей нь Европт томдоо ордог бөгөөд жилд 1.5 сая үзэгч хүлээн авдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.