images

Монгол улсын Ерөнхийлөгч Узбекистанд айлчилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-24


   Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 23-26-ны өдрүүдэд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёёвын урилгаар тус улсад айлчилж байна. Хоёр улсын дипломат харилцааны 32 жилийн түүхэнд анх удаа Монгол улсын төрийн тэргүүн тус улсад айлчилж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, манай улсын өмнөх ерөнхийлөгчүүд ШХАБ-ын ажиглагч орны хувиар 2010, 2016, 2022 онд Ташкент, Самаркандад болсон дээд хэмжээний уулзалтад оролцохоор Узбекистанд очиж байжээ. Харин энэ удаагийн төрийн дээд хэмжээний айлчлал хоёр улсын гурван жилийн тууштай уулзалт, хэлэлцээний үр дүнд болж байгаа талаар Египетийн “Sada Elbalad” телевиз мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жил дараалан хоёр улс албан ёсны уулзалт зохион байгуулав. Ингэхдээ 2022 онд Самаркандад, 2023 онд Дубайд хоёр улсын төрийн тэргүүн уулзаж үр өгөөжтэй хэлэлцээр хийсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны гуравдугаар сард тус улсад анх удаа айлчлал хийсэн билээ. Энэ үеэр хоёр улсын Засгийн газрын гишүүд үр дүнтэй уулзалт хийж, энэ онд Узбекистанд Монголын Элчин сайдын яамыг нээх шийдвэр гаргасан. Тиймээс энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Элчин сайдын яамны нээлтийн ёслолд оролцоно. Мөн талууд эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад санал нэгтэй байгаа тул хэд хэдэн гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогийн байдлаар манай оронд Узбекистанаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тамхи, механик тоног төхөөрөмж, ундаа зэргийг нийлүүлж байгаа бол манайхаас тус улсад мах, хуванцар болон химийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Иймд өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотод хоёр улсын хооронд болсон долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалтаар бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Үүний үр дүнд, Ташкент хотод “Таван богд” компани Японы “Fuji Film” корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан хэт орчин үеийн оношилгооны төв, “Монгол Базальт” компани Жизак мужид базальт олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр нээхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.