Ламын гэгээн Баянхонгор аймагт “Насны бүтээл” хурж байна
Чихэнд чимэгтэй
2024-07-04
Дээрхийн гэгээн XIV Далай лам, IX Богд Жавзандамба хутагт нарын өлмий бат оршиж, үйлс дэлгэрэхийн “Цэдүв” буюу "Насны бүтээл"-ийн хурал Баянхонгор аймгийн Гон гандан дэдлин хийдэд өнөөдөр эхэллээ. Хурал 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хуврагуудын хамт ном хурж, аймаг, орон нутгийн удирдлагууд, сүсэгтнүүд олноор оролцож байгаа аж. Түүнчлэн хурал номын сүүлийн өдөр XIV Далай багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан 113 мал сэтэрлэх үйлийг хийх юм байна. Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт өнгөрөгч сарын 11-ний өдөр Энэтхэг улсаас эх орондоо ирсэн билээ. Тэрбээр 2010 онд Ламын гэгээнээр тодорсноосоо хойш дээдэс багш нарынхаа айлдвар зарлигийн дагуу Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Гоман дацанд бурхны номд шамдан суралцаж байгаа бөгөөд энэ жил 14 дэх зиндаа буюу Гаарамбын зиндаанд суралцаж байна. Ламын гэгээн үүнээс өмнө нь буюу 2019 онд эх орондоо ирж, Баянхонгор аймагт болсон “Мянган мутарт жанрайсиг бурханы ван”, нас буяныг арвитгах “Насны авшиг” хуралд оролцож байсан юм.
Гэрэл зургийг: "Нээлттэй Баянхонгор".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.