Японы Олимп, дэлхийн аварга Монголын бөхчүүдтэй бэлтгэл хийж байна
Чихэнд чимэгтэй
2024-07-05
Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академид Монголын чөлөөт бөхийн тамирчид Олимпын бэлтгэлээ базааж байна. Тэдэн дээр өчигдрөөс эхлэн Японы тамирчин Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро нэмэгдэн иржээ. Мөн Японы дөрөв, Энэтхэгийн зургаан бөх Монголд ирж хамтарсан бэлтгэл хийж байгаа бол Үндэсний их баяр наадмын дараа ОХУ-аас тамирчид ирж нэгдэх гэнэ. Гавьяат тамирчин, дасгалжуулагч Б.Баттулга хоёр сарын өмнөөс Японы талд хүсэлт тавьснаар Т.Отогүро Монгол ирсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “Манай тамирчид барилдааны уран мэх, арга туршлага, томоохон тэмцээний өмнөх бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл гээд Т.Отогүрогоос суралцах зүйл их бий. Тэр бидний хүсэлтийг хүлээн авч Монголд ирсэн нь тамирчдад маань шинэлэг байлаа. Учир нь Олимп, дэлхийн аварга тамирчин Монголд ирж бэлтгэл хийж байсан удаагүй” гэжээ. Парисын Олимпод Монголын 33 тамирчин есөн төрөлд өрсөлдөх эрхээ авч, бэлтгэлээ хангаж байна. Үүнээс чөлөөт бөхийн төрөлд шигшээ багийн зургаан эмэгтэй, гурван эрэгтэй тамирчин оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.