Улаанбаатарын метрог барихад Өмнөд Солонгос, Японы компаниуд зөвлөхөөр шалгарав
Чихэнд чимэгтэй
2024-07-05
“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Өмнөд Солонгосын “Dohwa Engineering” компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү нар гарын үсэг зурлаа. Төсөлд Өмнөд Солонгосын компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх бол туслан гүйцэтгэгчээр Японы “Nippon Koei” компани ажиллана. “Dohwa Engineering” компанийн түншлэлд “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм. Улаанбаатарын метрог 75 сарын хугацаанд байгуулж, нийслэл 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ хэмээн гэрээнд заасан бөгөөд төслийн бэлтгэл ажил энэ оныг дуустал явагдаж 2025, 2026 онд үндсэн ажил эхлэх ажээ. Мөн гэрээгээр Монголын их, дээд сургуулиудад метроны системийн тэнхим нээж, Монголд хоёр, Өмнөд Солонгост хоёр нийт дөрвөн жил суралцуулан, нэг жил дадлагажуулан метроны мэргэжилтэн бэлтгэх гэнэ. Түүнчлэн метроны төсөл боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг Улаанбаатарт барьж байгуулах юм. Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монголд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ. “Улаанбаатар метро” төслийн нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км үргэлжлэх нийт 14 зогсоолтой шугам байх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.