images

Киргиз улсын тэргүүн хатагтай Монголд ирнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-08-21


   Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилсан Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Улаанбаатарт болох гэж байна. Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй энэ уулзалтад ирэх хүндэт зочдын нэг нь Киргиз улсын тэргүүн хатагтай Айгүл Жапарова юм. Өдгөө 50 настай А.Жапарова нөхөртэйгөө буюу одоогийн ерөнхийлөгч Садыр Жапаровтой 18 настайдаа танилцсан бөгөөд тэд зэргэлдээ тосгонд амьдардаг байжээ. Тэрбээр нутагтаа эмнэлгийн дунд сургууль дүүргээд хожим нийслэл Бишкект Багшийн их сургуульд сурч төгссөн байна.

   Одоогийн ерөнхийлөгч С.Жапаров Киргизийн хамгийн том алтны уурхай Кумторыг ард түмний мэдэлд авахын төлөө тэмцэж, хилийн чанадад гарч, хилс хэргээр яллагдаж байх хугацаанд А.Жапарова хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөхрөө өмгөөлж, эрх баригчдын эсрэг идэвхтэй, ил тод тэмцэж байв. 2020 оны парламентын сонгуульд тэрбээр нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгуулийн кампанит ажлаа орон нутагт идэвхтэй өрнүүлж байжээ. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд С.Жапаров ялснаар улсынхаа тав дахь тэргүүн хатагтай болсон тэрбээр Киргизийн хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө “Үмүт булагы” (монголоор “Итгэл найдварын булаг”) хэмээх буяны сан байгуулсан юм. 2021 онд тус сан хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан Бишкек хотод үнэ төлбөргүй 20 автобусыг үйлчилгээнд гаргаж байжээ. Ковид цар тахлын үеэр А.Жапарова сайн дурын ажилтнуудад туслах аяныг орон даяар өрнүүлсэн нь багагүй үр дүнд хүрсэн байна. Тэрбээр нөхрийнхөө хилийн чанад дахь айлчлалд цөөхөн оролцдог бөгөөд 2021 онд С.Жапаровыг Турк улсад айлчлахад дагалдан явж тус улсын тэргүүн хатагтай Эмине Эрдогантай уулзсан билээ.   

   Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад дэлхийн 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес, спорт, урлаг зэрэг салбар салбарын эмэгтэй манлайлагчид оролцоно. А.Жапаровагаас гадна Словенийн ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар, Лаосын дэд ерөнхийлөгч Пани Ятоду, Болгарын парламентын орлогч дарга Росица Кирова болон бусад улсын эмэгтэйчүүд, жендэрийн асуудал хариуцсан сайд нар чуулга уулзалтад оролцох ажээ. Мөн хамтран зохион байгуулагч НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Улаанбаатарт ирэхээ нотолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.