Томорсон өргөст хэмхийг хүссэн үнээрээ авч байна
Чихэнд чимэгтэй
2024-08-27
Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочдын энэ намрын ургацаас хэт томорсон өргөст хэмхийг хүнс үйлдвэрлэгч “Видан” компани Улаанбаатарт тээвэрлэн авчирч, явуулын цэгээр борлуулах аяныг өрнүүлж байна. Сайн үйлсийн энэ аяныг тус компани “Гахайг аваръя” хэмээн нэрлэжээ. Учир нь, даршлах зориулалттай тариалсан боловч хэт томорч, шилэн саванд багтахгүй болсон өргөст хэмхийг ногоочид гахай гэж нэрлэдэг. Мөн хэт томорч болсон өргөст хэмх технологи алдагдуулдаг ба даршлах үед хагарч бутардаг тул үндэсний үйлдвэрлэгчдийн стандартад нийцдэггүй гэнэ. Гэсэн хэдий ч шим тэжээлтэй, шүүслэг хэвээрээ байдаг аж. Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин А.Төрмөнх энэ талаар “Ургац хураалтын хэдхэн хоногт өргөст хэмх маш эрчимтэй томорч боловсордог. Энэ жил хоёр хоноод л ногоогоо хурааж аваад байгаа боловч бороо хур ихтэй, тариалалтын гарц сайн байгаа учир дагаад илүүдэл их байна. Томорсон өргөст хэмх шилэнд багтахгүй учраас даршлах боломжгүй, амархан муудах эрсдэлтэй байна” хэмээн ярьжээ. Аяны хүрээнд иргэд өргөст хэмхнээс хүссэн хэмжээгээрээ авч төлбөрийг өөрийн үзэмжээр өгч байгаа юм. Наймдугаар сарын 25-ны өдөр 21 дүгээр хорооллын "Содон" хотхоны иргэд нийт 1200 кг өргөст хэмх худалдан авч ногоочинд 348300 төгрөг очсон байна. Харин өчигдөр А.Төрмөнхийн 1700 кг өргөст хэмх "Хархорин" зах болон Нарны хороолол орчимд 863 мянган төгрөгийн үнэ хүрчээ. “Гахайг аварья” аян өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.