Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолоос сэдэвлэсэн жүжиг Монголын тайзнаа
Чихэнд чимэгтэй
2024-08-28
Орчин цагийн Хятадын хамгийн алдартай зохиолчдын нэг Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжгийг “Орфей” театр найруулан тавихаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд, продюсерээр Т.Ариунчимэг ажиллах бол жүжгийн зохиолыг “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр бичсэн байна. Мө.Батбаяр нь Үй Хуагийн “Амьдрахуй”-гаас гадна “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.
1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төрсөн Үй Хуа дунд сургуулиа дүүргэсний дараа шүдний эмчээр таван жил ажиллаад Бээжингийн утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 онд эхлүүлсэн бөгөөд “Амьдрахуй” туужаа 1993 онд хэвлүүлжээ. Хятадын алдарт найруулагч Жан Имоу энэ зохиолоор нь ижил нэртэй кино бүтээсэн нь шуугиан тарьж 1994 оны Каннын наадмаас “Гран-при” тэргүүтэй гурван ч шагнал хүртсэн билээ. Үй Хуагийн зохиолууд дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдан 10 шахам сая хувь борлогджээ. Өдгөө 64 настай зохиолч өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт зочлон ирж Монголын уншигчидтай уулзсан юм.
Хувь тавилангаар оногдсон аз жаргал, зовлон зүдгүүрийнхээ дотроос хүн өөрийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг үзүүлсэн "Амьдрахуй" драмын жүжгийг “Орфей” театр ирэх 10 дугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөнд өдөр бүр тоглохоор төлөвлөжээ. Жүжгийн тасалбарыг portal.mn сайтаар худалдаалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.